Thursday, March 23, 2017

РОБЭРТО МИХЕЛЬСИЙН ОНОЛ

Робэрто Михельс (Roberto Michels,1876 оны нэгдүгээр сарын 9, Көльн хотноо – 1936 оны тавдугаар сарын 3, Ром хотноо) – нь Италийн социологич, Европын улс төрийн социологийн сонгодог үеийн төлөөлөгч, улс төр судлаач, нам судлалын нэртэй онолч нэгэн.
Цадаг намтар
Франц гаралтай чинээлэг герман гэр бүлд мэндэлсэн. Герман (Мюнхэн, Лэйпциг, Халл), Англи, Франц (Сорбонн), Италийн их сургуулиудад суралцсан. Оюутан ахуй үедээ социал-демократ болон синдикалист үзэл санаанд татагдаж, 1907 он хүртэл Германы Социал-Демократ Намын гишүүн байсан боловч Макс Веберийн нөлөөгөөр шинжлэх ухааны ажилд бие сэтгэлээ зориулах болсон. 1907 онд Италид суурьшиж, Турины Их Сургуульд багшилсан. Энд байхдаа тэрээр Италийн цольд эрдэмтэн Гаэтано Москатай танилцаж, түүний нөлөөгөөр элитийн онолын үндсийг судалсан. Москагийн “улс төрийн ангийн” онолыг шимтэн сонирхож, улмаар XX зууны 20-оод оны үеэс Бэнито Муссолинигийн фашист дэглэмийг дэмжих болсон. Хэдийгээр герман гаралтай, олон жилийн туршид Базэлд эдийн засаг, статистикаар багшилсан боловч Италийг өөрийн эх орноо хэмээн үздэг тул 1913 онд иргэний харьяаллаа өөрчилсөн. 1926 оноос Ромд улс төрийн социологиор багшлах болсон. 1927 онд Чарльз Мерриамын санаачлан хэрэгжүүлсэн “Иргэн төлөвшүүлэхүй” нэрт олон улсын төслийн ажилд оролцсон байна. Михельс 1928 онд Италийн фашист намд гишүүнээр элссэн. Улмаар дучегийн зарлигаар Пэружэ дахь их сургуульд профессороор томилогдсон. Энд байхдаа Михельс “шинэ улс төрийн сэтгэлгээг” төлөвшүүлж, “фашист онолыг” хөгжүүлэхийн зэрэгцээ “мэргэшсэн фашист боловсон хүчин” бэлтгэх зорилго бүхий улс төрийн шинжлэх ухааны “фашист факультет” үүсгэн байгуулахад идэвхийлэн оролцсон.
“Италийн социалист хөдөлгөөн дахь хөрөнгөтөн, пролетари анги” (// proletariato e la borghesia nel movimento socialista italiano: Saggio di scienza sociografico-politica, 1908), “Ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи” (Zur Soziologie des Parteiwesens in der modernen Demokratie: Untersuchungen über die oligarchischen Tendenzen des Gruppenlebens, 1911), “Италийн империализм” (L'imperialismo italiano, 1912), “Хавсарга социологийн асуудлууд” (Problemi de sociologia applicata, 1919), “Итали дахь фашизм, социализм” (Sozialismus und Fascismus in Italien, 1925), “Улс төрийн социологийн хичээл” (Corso de sociologia politica, 1927), “Эх оронч сэтгэлгээ” (Der Patriotismus: Prolegomena zu seiner soziologischen Analyse, 1929), “Улс төрийн социологийн анхдугаар лекц” (First Lectures in Political Sociology, 1949) зэрэг олон арван бүтээл нийтлүүлсэн.
Улс төрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
Михельс улс төрийн шинжлэх ухаанд элитийн онол, нам, олон нийтийн хөдөлгөөн, бюрократи, ардчилал, ажилчны болон үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний асуудлаар дагнан судалгааны ажил хийсэн байдаг. XX зууны эхэн үеийн томоохон социологичдоос ялгаатай нь, Михельс хүйсийн эрх, үүргийн ялгаварт байдал, эх оронч сэтгэлгээ, хүн төрөлхтөний удмын сангийн сайжруулалт зэрэг этгээд гэж хэлж болохуйц асуудалд түлхүү анхаарал хандуулсан байна.  
Михельсийн судалгааны гол ололт нь “олигархийн төмөр хууль, зүй тогтол”-ыг нээсэнд оршино. Нам, хөдөлгөөн гэх мэт нийгэм, улс төрийн аливаа зохион байгуулалтын хэлбэр өөртөө олигархичлагдах хандлагыг тээж байдаг. Эрх мэдлийн цөм удирдлага, мэргэшсэн аппаратын гарт төвлөрөх, олон түмний болон байгуулагын энгийн гишүүдийн эрх, үүрэг хумигдах, удирдлага, удирдлагын бүтцээ хянах боломж алдагдах, байгууллагын үйл ажиллагааны анхдагч зорилго сарних зэрэг нь тухайн зохион байгуулалт олигархи шинжтэй болж буйн илрэл юм. “Хэнийг сонгосон, ямар этгээдийг төлөөлдөг байх нь хамаагүй. Зохион байгуулалт өөрөө ноёрхол бий болох хангалттай шалтгаан болдог. Хэн зохион байгуулалтын талаар ярина, тэр олигархийн талаар ярьж буй хэрэг юм”.  Намын зохион байгуулалт олигархи шинжид орох үйл явц нь дараах үе шаттай. Үүнд: 1. Манлайлал бий болно: 2. Манлайлал мэргэшиж, төлөвшинө: 3. Удирдлагын бюрократ бүтэц үүснэ: 4. Эрх мэдэл төвлөрнө: 5. Үзэл суртал удирдлага, удирдлагын бүтцийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болж хувирна: 6. Үзэл суртал, нийгмийн бодит байдлын хооронд зөрчил бий болж, үзэл суртлаа шинэчлэх санал, санаачлагууд гарч эхэлнэ: 7. Энгийн гишүүд, удирдлагын хоорондын харилцаа алсарч эхэлнэ: 8. Намын шийдвэр гаргах үйл явцад энгийн гишүүдийн нөлөөлөх боломж хумигдаж эхэлнэ: 9. Удирдлагын бүтцэд сөрөг байр суурьтай бүлэглэлүүдийн удирдлагыг элсүүлж эхэлнэ (кооптац) гэх мэт шинжийг багтаасан байна. Хувьсгалт намууд хүртэл гишүүнчлэлээ өргөжүүлэх бодлогоос татгалзаж сонгогчдынхоо хүрээг тэлэх бодлогод шилжсэн.
Ямар үзэл баримтлалыг дэмждэг нам байх нь хамаагүй бүгд олигархи шинжтэй болж эхэлдэг. Оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөх зорилго бүхий хэт зүүний намуудад хүртэл хөгжлийн явцад олигархи шинж бүрэлдэж, үйл ажиллагааны анхдагч зорилгоо гээх явдал байдгийг Михельс онцолсон байна. Намын удирдлагын ярианд хэт зүүний үг хэллэг хадгалагдах ч үнэн чанартаа анхдагч зорилгоосоо аль хэдийн хазаасан байдаг. Энэ бол зохион байгуулалтын хөгжлийн зүй ёсны үр дүн юм. Удирдлага нь энгийн ажилчдаас бүрдэх социалист намд хүртэл мэдлэг чадвар хуримтлагдаж, улс төрийн тэмцэлд татагдан орохын зэрэгцээ хууль тогтоох хуралд сонгогдсон тохиолдолд удирдлага, жирийн гишүүдийн дунд харилцаа алсардаг талаар Михельс онцолсон. Энэ нөхцөлд намын удирдлагын байр суурь зохион байгуулалтаас хамаарах бөгөөд улмаар анги, нийгмийн давхаргын бус, намын зохион байгуулалтын ашиг сонирхлыг илэрхийлэгч, хамгаалагч болж хувирдаг байна. Үүнээс гадна, намын удирдлага намын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж, нөөц, шийдвэр гаргах үйл явцад хяналтаа тогтоох замаар бодлого, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн хэрээр улс төрийн зүүний радикал шинжээ алддаг талаар Михельс дурдсан. Өнөөгийн олон түмний намууд зохион байгуулалтын хэлбэрт шилжих нь зайлшгүй. Гэтэл зохион байгуулалтын гарцаагүй үр дүн нь олигархи хандлага болно. Ингэхлээр, оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөхийг хүсэгч зүүний намууд хүртэл олигархийн төмөр хуулиас ангид байж чаддаггүй гэсэн үг юм.
Ерөнхийдөө хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн талаарх Михельсийн зураглал туйлын гутрангуй шинжтэй. Бид хичнээн ардчиллын тухай ярилаа ч ганц хүний, юм уу цөөнхийн дарангуйллаас ангид байж чадахгүй. Ардчилал өөрөө дарангуйллын нэг хэлбэр юм. Учир нь зохион байгуулалтын хэлбэрийг өөртөө тээж байдаг. Зохион байгуулалтын олигархи хандлага Михельсийн үзсэнээр зөвхөн захиргааны юм уу удирдлагын шинжтэй асуудал биш юм. Захиргааны, удирдлагын зэрэгцээ сэтгэл зүйн шинжтэй үзэгдэл болно.
Удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэг боловсролтой хүн төрөлхтөний цөөн тоот хэсэг бусдыг дагуулан манлайлах, ухуулан сэнхрүүлэх, удирдан жолоодох зөн совинтой бол хүн төрөлхтөний энгийн олонхийн хувьд өөрсдийг нь зохион байгуулж, удирдах, араасаа дагуулах чадвартай цөөнхийг ямагт хүсэмжилж байдаг. Сэтгэл зүйн шинжтэй энэ үзэгдэл өөрөө олигархийн хандлагыг үүсгэдэг байна.
Михельсийн үзэл санаа Г. Тард, Г. Лебон тэргүүтэй олон судлаачдын бүтээлд тусгалаа олсон байдаг. Хэдийгээр Михельс фашист онол, евгеник сургаалыг дэмжиж байсан ч түүний олигархийн төмөр хууль, зүй тогтлын талаарх үзэл санаа өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй байна.

МОНГОЛЧИЛСОН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Tuesday, March 21, 2017

ИРЛАНДЫН УЛС ТӨР СУДЛААЧ ПИТЭР МЭИР

Питэр Мэир
Peter Mair
Мэндэлсэн он:
1951 оны гуравдугаар сарын 3
Мэндэлсэн газар:
Ирландын Коннахт муж, Слайго гүнлэг, Россэс-Пойнт суурин
Бие барсан он:
2011 оны наймдугаар сарын 15 (60 насандаа)
Бие барсан газар:
Ирланд, Коннэмар
Иргэний харьяалал:
Ирланд
Шинжлэх ухааны хүрээ:
Улс төрийн шинжлэх ухаан
Альма-матэр:
Лэйдэн Их Сургууль
Дублины Их Сургууль
Питэр Мэир (Англи хэлнээ: Peter Mair) — болбоос Ирландын улс төр судлаач, харьцуулсан улс төр судлалаар мэргэшсэн нэрт эрдэмтэн болно.
Цадаг намтар
Питэр Мэир Дублины Их Сургуульд суралцсан. 80-аад оны үед Флорэнц дахь Европын Их Сургууль болон Лимаркын Их Сургуульд багшилж байсан. 1987 онд “Ирландын намын тогтолцооны өөрчлөлт” сэдвээр Лэйдэн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. 1990 онд Стефано Бартолинатай хамтран бичсэн бүтээл нь нийгмийн харьцуулсан судалгааны салбар дахь Стэйн Рокканы нэрэмжит шагнал хүртсэн. 1994 оноос Лэйдэн Их Сургуулийн профессор болсон. Нам, намын тогтолцооны судалгаагаар мэргэшсэн. 2011 оны наймдугаар сарын 15 нд зуурдаар бие барсан.
Улс төрийн онол, үзэл санаа
Питэр Мэир Жон Хопкинс Их Сургуулийн профессор Ричард С. Кацтай хамтран 1992 оноос Европын орнуудын намуудын төлөвшилт, хөгжлийн үйл явцыг судлаад орчин үеийн нам нь картел шинжтэй болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. М. Я. Острогорскийн үеэс эхтэй олон түмний нам нийгмийн хөгжлийн өөрчлөлттэй уялдан бүхнийг хамруулагч нам болж хувирсан. Гэтэл нэг талаас, төр засаг, төрийн эрх мэдлийг атгах намуудад итгэх сонгогч олон түмний илтгэл суларч, улс төрөөс залхах хандлага хүчтэй болж улс төрийн оролцоо буурсан, нөгөө талаас, намуудын олон нийтийн ашиг сонирхлыг нэгтгэн илэрхийлэх шинж балархайжиж, төрийн эрх мэдлийг үгсэн тохиролцох замаар тогтоон барих хандлага хүчтэй болсон. Ингэснээр картел нам үүссэн гэж Кац, Мэир нар үзжээ. Энэ талаар “Улс төрийн шинжлэх ухаанд М. Острогорскийн үеэс (1902 он) эхлэн нам иргэний нийгэмтэй хэрхэн харилцаж байгааг гол болгон ойлгож ангилах болсон бөгөөд өнөөдөр уг хандлагыг улс төрийн намын ангилалд (норматив болон эмпирик) өргөн дэлгэр ашиглаж байна (Duverger, 1954; Neumann, 1956; Panebianco, 1988). Энэ хандлага нь дараах онцлог шинжтэй. Нэгдүгээрт, олон түмний намын загварыг чухалчилан авч үздэг (Lawson, 1980; Lawson, 1988; Sainsbury, 1990). Хоёрдугаарт, нам, төрийн хоорондын харилцаанд төдийлөн анхаарал хандуулдаггүй болно(Richard S. Katz and Peter Mair, 1995, p. 5) хэмээн тэд бичжээ.
Эдгээр эрдэмтэд намын хөгжил, төлөвшлийн үйл явцад нийгэм бус, төр голлох үүрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, нам төрийн хоорондын харилцаа нь намын бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий хандлагыг тодорхойлж байна. “Бидний хувьд олон түмний нам намын хөгжлийн нэг үе шат төдий юм. Үүний зэрэгцээ, намын хөгжилд иргэний нийгмийн өөрчлөлт бус, харин нам, төрийн хоорондын харилцаа суурь ач холбогдолтой гэж бид үзэж байна. Сүүлийн жилүүдэд нам, төрийн харилцааны хил, хязгаар бүрдгэрч, ингэснээр бидний “картел” гэж нэрлэсэн хэв шинж бүхий нам үүсэхэд хүргэж байна(Richard S. Katz and Peter Mair, 1995, p. 6). Тухайлбал, төрийн санхүүжилт авах, засаг баригч намууд үгсэн тохиролцох замаар төрийн эрх мэдлийг төвлөрүүлж, жижиг намуудаа улс төрийн салбараас шахах, намын гишүүдээ төрийн албанд байршуулах замаар бодлого, зорилтоо хэрэгжүүлэхийг чухалчилах, хатуу гишүүнчлэлийн бодлогоос татгалзах гэсэн үндсэн дөрвөн шинжээр картел нам бий болдог. “Нам, төрийн харилцаа балархайжих, намууд үгсэн тохиролцох болсноор картел намууд үүсч байна(Richard S. Katz and Peter Mair, 1995, p. 17). Үүнийг Герман, Австри, Дани, Финлянд, Норвеги, Швед зэрэг орны жишээнээс харж болох юм гэжээ. “Нам бол төрийн өндөр албан тушаалд өөрсдийгөө байршуулах замаар дараагийн сонгууль хүртэл засаг төрийн дээд эрхийг хадгалах боломжийн төлөө өрсөлдөж буй хошуучлагчдын бүлэг болно(Richard S. Katz and Peter Mair, 1995, хууд. 21).
Гэвч Кац, Мэир нарын боловсруулсан картел намын үзэл баримтлал хожим зарим судлаачдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Тэдний зүгээс шүүмжлэх болсон гол шалтгаан нь картел нам Кац, Мэир нарын дурдсан дөрвөн шинжээр илэрч чадахгүй байгаа бөгөөд ганц, хоёр шинжээр илэрч байна. Хэрэв дөрвөн шинжээр биш, ганц, хоёр шинжээр илэрвэл уг намыг картел гэж үзэх бололцоотой юу гэдэгт оршино. Эндээс дээрх судлаачид ерөөсөө картел намын онолын байгууламж буруу гэсэн дүгнэлтэд хүрч, асуултад хариулт өгөхүйц өөр хувилбар боловсруулахад анхаарах болсон. Тухайлбал, энэ хүрээнд “шинэчлэгдэж буй боловсон хүчний нам”, “бизнес-пүүсийн нам”, “сонгогчдын нам”, “бодлогын нам”, “албан тушаал баримжаалсан нам”, “сүлжээ нам” гэх мэт ойлголтууд бий болжээ.
Бүтээлийн дээжис
Ном
·         Gallagher M., Laver M., and Mair P., Representative Government in Modern Europe: Institutions, Parties, and GovernmentsMcGraw-Hill, New York, 4th edition. 2005.
·         Mair P., Political Parties and Electoral Change: Party Responses to Electoral Markets, Müller WC, Plasser F (eds.), Sage, London. 2004.
·         Mair P. and Zielonka J (eds.). The Enlarged European Union: Diversity and Adaptation, Frank Cass, London. 2002.
·         Mair P., Party System Change: approaches and interpretationsOxford University Press, Oxford. 1997.
·         Bartolini S., and Mair P., Identity, Competition, and Electoral Availability: the stabilisation of European electorates 1885-1985Cambridge University Press, Cambridge. 1990

Эх сурвалжийн жагсаалт


Richard S. Katz and Peter Mair. (1995). Changing models of party organization and party democracy: The Emergence of the Cartel Party. Party Politics, Vol. 1(No 1).

Sunday, March 12, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ ЖОВАННИ САРТОРИ

Хүн төрөлхтөний хувьд XX зуун хөгжил, дэвшил, техник, технологийн үсрэнгүй өөрчлөлтийн зуун байв. Үүнийгээ дагаад шинжлэх ухааны салбарт олон шинэ мэдлэгийн төрөл үүсч бүрэлдсэн юм. Эдгээрийн нэг нь улс төрийн шинжлэх ухаан болно. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн “амьд домог”, улс төрийн судалгаа, шинжилгээний Флорэнцийн дэг сургуулийн томоохон төлөөлөгч нь Италийн хайв эрдэмтэн, цолгорсон судлаач Жованни Сартори (Giovanni Sartori; Джованни Сартори) билээ.
Өдгөө 92 настай, Италийн өдөр тутмын “Өчигдөрийн мэдээ” ( Il Corriere della Sera; Evening Courier; Вечерний вестник) сонины ерөнхий шүүдэглэгч Сартори 1924 оны тавдугаар сарын 13 нд Флорэнц хотноо Дантэ Сартори, Эмили Квэнтини нарын гэрт мэндэлжээ. Төрөлх хотноо гимнази дүүргээд 1942 оны зургаадугаар сард Флорэнцийн Их Сургуулийн харьяа Улс Төрийн Шинжлэх Ухааны “Чезариа Алфиэри” Сургууль (Scuola di Scienze politiche "Cesare Alfieri";  School of Political Science ‘’Cesare Alfieri’’; Факультет Политологии “Чезаре Альфьери”)-д элсэн суралцсан байна. 1946 онд Их Сургуулийн улс төр судлалын салбарыг дүүргээд 1950-1956 онуудад хожуу үеийн философийн түүхээр Их Сургуульдаа багшлах болжээ. Ялдарт нь, 1954 онд орчин үеийн философийн чиглэлээр докторын зэрэг горилсон байна. 1956 оноос улс төрийн шинжлэх ухаанаар Флорэнцийн Их Сургуульд багшлах болсон юм. 1966-1976 онуудад Флорэнцийн Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал, 1969-1971 онуудад тус сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетын деканаар томилогдон ажиллаж байв.
1976-1979 онуудад Стэнфордын Их Сургуульд, 1979-1994 онуудад Колумбын Их Сургуульд тус тус багшилсан. 1971 оноос Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Сэтгүүл (Rivista Italiana di Scienza Politica; Italian Political Science Review; Итальянский Политологический Обзор)-ийг эрхлэн гаргах болж, 2003 он хүртэл захиралаар нь ажиллажээ. Харин уг сэтгүүлийг 2004 онд Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэг (Societa Italiana di Scienza Politica; Italian Society of Political Science; Итальянское Общество Политических Наук)-т шилжүүлсэн байна. 
1975 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон Сартори 1992 онд Генуи Их Сургуулийн, 1994 онд Жоржтауны Их Сургуулийн, 1997 онд Гвадалахар Их Сургуулийн, 1998 онд Буэнос-Айрэс Их Сургуулийн, 2001 онд Мадрид болон Бухарестын Их Сургуулийн, 2005 онд Афин болон Урбино Их Сургуулийн, 2007 онд Мехикогийн Их Сургуулийн хүндэт доктор цол хүртсэн юм.
Жованни Сарторийн түүхэн гавьяа нь Итали улсад улс төрийн шинжлэх ухаан үүсч хөгжихөд Гаэтона Моска, Вилфрэдо Парэто, Робэрт Михельс, Антонио Грамши, Норбэрто Бобио, Анжэло Панэбианко нарын нэрт эрдэмтдийн нэгэн адил томоохон нөлөө үзүүлсэнд оршино. Тиймдээ ч 1971 онд бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөс урлаг, боловсролын салбарын хүндэт гавьяаны одон, 2005 онд нийгмийн судалгааны салбар дахь Нобэлийн шагнал гэж тооцогддог Астурын Ханхүүгийн Нэрэмжит шагнал (Premio Principle delle Asturie; Princess of Asturias Awards; Премия Астурийской Принцессы), 2009 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос Карл Дойчийн нэрэмжит шагнал, 2013 онд Исайя Берлины нэрэмжит шагнал, 2014 онд Бэрнардо О’Хиггинсийн Их Загалмай одон тус тус хүртжээ.
Нам, намын тогтолцоо, ардчилал, үндсэн хуульт байгуулал, ардчиллын нөхцөл дэх улс төрийн зан үйл, философийн сэдвээр Сартори нийтдээ 40 орчим томоохон хэмжээний бүтээл туурвисан бөгөөд тэдгээрээс олонх нь гадаадын хэлнээ хөрвүүлэгдсэн байна. Улс төрийн сэдвээр бичсэн “Нам, намын тогтолцооны шинжилгээ(1976 он), “Улс төрийн намын онол ба Италийн туршлага” (1982 он), Ардчиллын онолыг нягтлан үзэхүй(1987 он), “Улс төрийн онолын үндсүүд” (1987 он), “Ардчилсан онол. Улс төрийн бодлогын онолын бүрдлүүд (1990 он), “Ардчилал” (1998 он), “Харьцуулсан үндсэн хуульт байгуулал: Бүтэц, үйл ажиллагаа, үр ашгийн судалгаа” (1994 он), “Ардчилал гучин орны жишээн дээр” (2008 он), “Хаашаа уралдана вэ: Манай нийгмийг сүйрэлд хүргэж буй арван зүйл” (2015 он) зэрэг зохиолуудыг дурдаж болох байна.
Улс төрийн хувьд Сартори дараах санааг хөгжүүлсэн. Моска, Парэто, Михельс, Лассуэлл нарын үзэл санааг бататган хөгжүүлж нийгэм удирдагч цөөнх, удирдуулагч олонх гэсэн хоёр давхаргаас тогтох нь зүй гэж сургасан. Харин дээрх эрдэмтдээс ялгаатай нь, удирдагч цөөнхөө Сартори “хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг” хэмээн тодорхойлжээ. Өөр хоорондоо өрсөлдөх хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн сонгуульт полиархи засгийг ардчилал хэмээсэн байна. Ардчилал бол “тогтсон төвгүй эрх мэдлийн хэлбэр” болох “давхараажсан засаглал” юм. Үүгээрээ эртний Грек-Римийн шууд ардчиллаас өнөөгийн ардчилал ялгаатай. Сонгуульт полиархи засаг буюу ардчиллын төлөөллийн чанар дараах хоёр шинжээр баталгааждаг байна. Үүнд:
·         Олон түмнээс ирж буй шаардлагад хариу үзүүлдэг байх:
·         Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг байх гэсэн хоёр зүйл орно.
Гэхдээ нийгмийн доороос гарч буй шаардлагад хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг хэтэрхий зөөлөн хандвал хариуцлага хүлээх чадвараа алддаг болохыг Сартори онцолсон байна. XX зууны эцэст хүн төрөлхтөн улс төрөөс дайжих хандлагад улам бүр автах болсныг Сартори 1. Сонгогч иргэд, улс төрчдийн хоорондын итгэлцлийн харилцаа суларсан: 2. Телевизийн нөлөө өссөн нь мэдээллийн урсгал хумигдах, улс төрийн оролцоо багасах, цэнгээнт улс төрийн үүрэг өсөн нэмэгдэхэд хүргэсэн: 3. Үзэл суртлын нөлөө багассан: 4. Улс төрийн авилга нэмэгдсэн гэсэн дөрвөн зүйлтэй холбон тайлбарлажээ. Энэ нөхцөлд улс төрийн эрх мэдлийн хэрэгжилтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн үйл ажиллагааг журамлах гол арга хэрэгсэл нь үндсэн хууль болдог байна. Иймээс орчин үеийн ардчиллын нөхцөлд үндсэн хуулийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг Сартори онцолсон. Үүний зэрэгцээ, уг үзэгдлийг “үндсэн хуулийн графомани” хэмээн нэрлэжээ. Сарторийн үзсэнээр, үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулах албагүй. Зөвхөн улс төрийн эрх мэдлийн хуваарилалт, хэрэгжилттэй холбоотой харилцааг зохицуулах ёстой. Хэрэв үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулж эхэлбэл улс орон сүйрэлд хүрдэгийг Сартори гярхай ажигласан байна. Үндсэн хууль бол тодорхой үр дүн олж авахад чиглэгдсэн хөдөлгөгч хүч мөн. Өөрөөр хэлбэл, ял шийтгэл, шагнал урамшуулах гэх үүдлэг дээр тулгуурлан төрийн зохион байгуулалтын бүтцийг бий болгож, үйл ажиллагааг төлөвлөх журам болно. Удирдлагын чиг үүргийг үл тоомсорлох нь төрийн тогтолцоог сулруулдаг муу үр дагавартай.
Орчин үеийн ардчиллын суурь шинж намын тогтолцоогоор дамжин илэрдэг. Үүнтэй холбоотойгоор нэг намт, ноёрхогч намт, зонхилогч намт, энгийн олон намт, хэт олон намт, олон тулгуурт намын, сарнимал намт гэх намын тогтолцооны хэлбэрүүдийг гаргасан.

МОНГОЛЧИЛСОН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Thursday, February 9, 2017

“АУТСАЙДЕР БОЛЖ ЧАДДАГГҮЙ НАМУУДЫН ТУХАЙ”

АНГЛИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ПИТЭР МЭИРТЭЙ ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА
Питер Мэир болбоос Ирландын улс төр судлаач, Флорэнц дахь Европын Их Сургуулийн харьцуулсан улс төр судлалын профессор асан. 1951 онд мэндэлсэн. Ричард Кацтай хамтран картел намын үзэл баримтлалыг хөгжүүлсэн. 2001 онд West European Politics сэтгүүлийн шүүдэглэгч болсон. "Party System Change: Approaches and Interpretations" (1997), "Political Parties and Electoral Change: Party Responses to Electoral Markets" (2004) зэрэг бүтээлүүдийг нийтлүүлсэн. 2009 онд түүний "Ruling the Void: The Hollowing of Western Democracy" гэх шинэ зохиол олны хүртээл болсон. Ардчилал, намуудын талаар хийсэн судалгаагаараа олонд танигдсан. 2011 онд зуурдаар ажирсан. 
"Оросын Сэтгүүл"(ОС): Ноён Мэир, та өнөөгийн намуудын тогтолцоог хэрхэн тодорхойлох вэ?
Питер Мэир: Хэрвээ та Өрнөдийн тухай ярьж байгаа бол нөхцөл байдал тийм ч таатай биш байна: Уламжлалт ойлголтоор авч үзвэл нам дампууралд орж эхэлсэн. Тэд энгийн иргэдэд нөлөөлөх чадвараа нэгэнт алдсан. Намуудын төлөө санал өгөгчдийн тоо багасч байгаа төдийгүй иргэдийн улс төрд оролцох оролцоо ч буурсан. Гэтэл намууд өөрсдийгөө бодлого хэрэгжүүлэгч гэдгээр бус, харин эрх мэдлийг олж авах, тогтоон барих арга хэрэгсэл төдийд үзсээр байна. Энэ бол хоёрдмол шинжтэй үйл явц: Сонгогчид эрх ашгаа, улс төрчид эрх мэдлээ чухалчлах болсон. 
ОС: Ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэхээсээ илүүтэйгээр сонгуульд ялалт байгуулахыг чухалчилж буй учир уналтад орж буй намуудыг бүхнийг хамруулагч (өргөн хүрээний эсвэл, бүхнийг шүүрдэгч гэж монголчилж бас болох, орчуулагчийн тайлал) шинжтэй гэж ойлгож болох уу?
Питер Мэир: Үгүй шүү, болохгүй, бүхнийг хамруулагч нам бол өнгөрсөн үе юм. Ийм хэлбэрийн намууд 1950-аад оны сүүл - 1960-аад оны эхээр Европ, АНУ-д бий болж, хорин жилийн туршид улс төрийн орон зайд ноёрхсон. Бүхнийг хамруулагч нам хүчтэй лидерийн зэрэгцээ хязгаарлагдмал нөлөөлөл бүхий гишүүдтэй байдгаараа онцлогтой. Эрх мэдлийн хүндийн жин удирдлагын гарт төвлөрдөг. Удирдлага нь сонгуулийн урьдчилсан кампанит ажлыг үр ашигтай, сайн зохион байгуулах чадвар бүхий ажилтнуудын мэргэшсэн штаб хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Ийм нам эрх мэдэл олж авах, хувь хүртэхэд бүхэлдээ зориулагдсан байдаг. Гэхдээ бүхнийг хамруулагч намууд төрийн албатай ямар нэгэн байдлаар холбогддоггүй, төрийн санхүүжилт олж авахыг эрмэлздэггүй байсан. Төр, нийгмийн холбоос болохын зэрэгцээ улс орноо ухаалагаар удирдаж олон түмнийг бүхэлд нь өөртөө татахыг эрмэлздэг онцлогтой. "Бид сайн менежерүүд" гэх уриа бол – бүхнийг хамруулагч намын үндсэн шинж юм. Ийм намын гол давуу тал нь улс орноо удирдах чадварт оршдог. 
ОС: «Бүхнийг хамруулагч» нам популист уриа лозун дэвшүүлэх тал байх уу?
Питер Мэир: «Бүхнийг хамруулагч» нам популизмтай хамаагүй. Нам засгийн эрх авснаар төртэй холбогдож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл зөвхөн зорилго биш, бас оршин тогтнох арга хэрэгсэл болж хувирдаг гэсэн үг. Намын гишүүн ердийн нэг иргэд биш, төрийн өндөр алба үүрэглэсэн нөлөө бүхий хүмүүс буюу сайд нар болж хувирдаг. Намууд төрийн санхүүжилт хүртэх болсноор төрийн бүтцийн зүгээс ивгээлийн бодлогод хамрагдаж эхэлнэ. Ингэснээр миний судалгаандаа “Картел нам” гэж нэрлэсэн улс төрийн ангийн нам үүснэ. За харин энэ төрлийн намуудын хувьд популист уриа лозунг системтэйгээр ашигладаг гэж үзэж болох талтай. 
ОС: «Бүхнийг хамруулагч» намууд «картел» шинжтэй болсноор байр суурь нь бэхжих үү?
Питер Мэир: Зүгээр нэг бэхжих үйл явц биш л дээ. Нам төрийн хамгаалалтад орж эхэлнэ. Ингэснээр тухайн намууд улс төрийн үйл явцын институционал тоглогчид болж хувирдаг. Тухайлбал, Сильвио Берлусконигийн нам бол «картел» намын сонгодог жишээ юм.
ОС: Зохион байгуулалтын энэ хэлбэр намын тогтолцоондоо хөнөөл учруулахгүй байх тохиолдол бий юу? Магадгүй, удирдлагынхаа арга хэрэгслийн машин болж хувирдаг байж болно доо? 
Питер Мэир: Картел намуудын хувьд хараахан тийм биш юм.Тэдний гол онцлог нь засаглалын бүтцээс гадуур юм уу, улс орноо удирдах үйл явцад оролцохгүйгээр оршин тогтнож чаддаггүйд байгаа юм. Картел намууд хэзээ ч аутсайдер болж чаддаггүй. Учир нь засаг төрийн эрх мэдлээр тэжээгдэж оршин тогтнодог. 
ОС: Намуудыг нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан ажиллуулж чадахуйц «шинэ үзэл суртлын» давалгаа бий болох боломжтой юу? Даяаршлал, цагаачлал, хүн ам зүйн өөрчлөлт гэх мэт асуудлаар 
Питер Мэир: «Бүхнийг хамруулагч» юм уу «картел» намуудад үзэл суртлын ямар нэгэн илэрц байдаггүй. Тэдний хамгийн гол шинж нь – төрийг удирдах явдал юм. Эдгээр намууд энгийн сонгогчидтой харилцаа алсарч, аажмаар хүлээн зөвшөөрөгдөх чанараа алдаж эхэлдэг. Ийм нөхцөлд хамгийн популист хүчин сөрөг намууд болж хувирдаг. Явуулж буй бодлого нь таалагдахгүйдээ юм уу, эсвэл засаглалын бүтцийн үзэл суртал нь зохисгүй учраас улс төрийн картел харилцааг шүүмжлээд байгаа юм биш. Засаг төрийн эрхэнд гарчихсан хэрнээ нийт олон түмний биш, зөвхөн өөрийнхөө эрх ашгийн чухалчилдаг учраас л улс төрийн «картел»-ийг шүүмжлээд байгаа юм. Үр дүнд нь олон түмний эрх ашгийг популист намууд төлөөлж эхэлдэг. Өнөөдөр үүнийг Европоос бүхэлд нь, ажиглаж болно.
Сурвалжлага хийсэн Юлия Нетесова
Орчуулгын эх сурвалж: Мейр П. О партиях, которые не могут быть аутсайдерами // Русский Журнал 21.11.08. URL:http://www.intelros.ru/pdf/Rus_journal_10_08/0.pdf

ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

КАРТЕЛ НАМЫН ОНОЛЫН БАЙГУУЛАМЖ ӨӨРӨӨ ИТГЭЛ ТӨРӨЛХҮЙЦ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

НИДЕРЛАНДЫН УЛС ТӨР СУДЛААЧ АНДРЭ КРУВЭЛТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Судлаачийн намтрын товчоон: Андрэ Крувэл (Andre Krouwel) 1964 оны арваннэгдүгээр сарын 3 нд мэндэлсэн. 1985 онд Эрх Чөлөөний Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 1999 онд “1945-1990 оны хооронд Баруун Европ дахь бүхнийг хамруулагч намууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Нидерландын Амстердам хотын Эрх Чөлөөний Их Сургуулийн харьцуулсан улс төр судлалын профессор. Тэрээр Никарагуа, Румын, Польш, Болгар, Холланд зэрэг орнуудын төрийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 1989 оноос Амстердамийн орон нутгийн засаг захиргааг удирдлагын зүгээс шинэчлэх ажилд гар, бие оролцож байна. Энэ хугацаанд орон нутгийн захиргааны зөвлөлд хоёр ч удаа сонгогдсон.
Судалгааны ажлын сэдэв: Баруун Европын орнууд дахь намын тогтолцоо, төлөвшилт сэдвээр дагнан ажилладаг. Жон Хопкинсийн Их Сургуулийн профессор Ричард Кац (Richard S. Katz: 1948), Ирландын улс төр судлаач, Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор асан Питэр Мэир (Peter Mair: 1951-2011) нарын зүгээс дэвшүүлж буй картел намын онолыг эрс шүүмжилдэг нэгэн. Крувэл өнөөгийн улс төрийн намуудыг энтрепренер хэв шинжтэй гэж үзсэн. Судлаачтай холбогдох цахим шуудангийн хаяг: andre.krouwel@vu.nl
Оросын Сэтгүүл (ОС): Ноён Крувэл таны бодлоор «бүхнийг хамруулагч» намуудад популизм ямар түвшинд байх ёстой вэ? Ийм намууд Сильвио Бэрлускони, Владимир Путин мэтийн удирдагчдаасаа урт наслах боломжтой юу?
Андрэ Крувэл (АК): «Бүхнийг хамруулагч» нам популист шинжтэй гэдэгт би санал нэгддэггүй. Популист нам тогтолцооныхоо эсрэг, элитийнхээ эсрэг ажилладаг. Популист улс төрчдийн томоохон жишээ бол Сара Пэйлин юм. Харин Путин юм уу Бэрлусконигийн хувьд өөрийн орны элит давхаргын төлөөлөл, энэ ч утгаараа тэднийг популист гэж нэрлэхэд хэцүү. Судлаачийнхаа хувьд тэдний удирдаж буй намуудыг мэргэшсэн бизнес намууд гэж нэрлэмээр байна. Зохион байгуулалт, стратегийн талаас нь авч үзвэл эдгээр намыг улс төрийн өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг гутаах зорилгоор улсын мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг давамгай байдлаар ашиглах машин гэж тодорхойлж болох юм.  Путины «Нэгдсэн Орос» юм уу Бэрлусконигийн «Эрх чөлөө нам»-ыг зөвхөн сонгуульд өрсөлдөж буй байдлаар нь «бүхнийг хамруулагч» нам гэж тодорхойлж болох талтай: Эдгээр намыг нийгмийн янз бүрийн давхарга дэмжиж байна. 
ОС: Саяхан профессор Питэр Мэир манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа «бүхнийг хамруулагч» нам «êàðòåë» нам болж хувирч байна гэж мэдэгдсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?
АК: Би энэ онол, судлаачийг сайн мэднэ. Миний бие энэ онолыг эмпирик баримтаар үгүйсгэсэн. Харамсалтай нь, тэр үүнийг үзсэнгүй.  Энэ чиглэлийн судалгааны ажлынхаа үр дүнг саяхан миний бие нийтлүүлсэн. Кац, Мэир нарын «êàðòåë» онолоор хэдийгээр үзэл бодлын зөрүү байх боловч томоохон улс төрийн намууд үгсэн хуйвалдаж, төрийн эрхийг хамтран барьдаг гэж үздэг. Бид хамгийн ойрын, тухайлбал, Италийн жишээг аваад үзье л дээ. Тэнд зүүний улс төрийн нам барууны хүчнүүдтэй хамтран ажиллах, үгсэн тохиролцох байдал огт ажиглагдахгүй байна. Ингэхлээр, бидний өмнө засаг төрийн эрхийг ямар ч хамаагүй аргаар хадгалах хүсэл өвөрлөсөн бүхнийг хамруулагч намууд л байна гэж үзэх нь туйлын учир дутагдалтай юм шиг. Саяын дурдсан жишээн дээр барууны, зүүний гэсэн хоёр эсрэг тэсрэг хүчин байна. Та энэ байдлыг ганц Итали төдийгүй бүхий л Европоос ажиглаж болно. Үүнээс гадна, зүүны, барууны хүчин бол хоёр өөр ертөнц. Хэзээ ч засаг төрийн эрх мэдлийн түвшинд эвсэх бодлого баримталдаггүй. Товчоор хэлэхэд, Питэр Мэирийн онол бүрэн үгүйсгэгдсэн.
Нөгөө талаас, бид нэг зүйлийг байнга санаж байх хэрэгтэй юм шиг. Намыг чухам ямар хэмжүүр дээр үндэслэн «бүхнийг хамруулагч», «êàðòåë» гэхчилэн ангилаад байна вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр сонгодог утгаараа «бүхнийг хамруулагч» нам гэж байхгүй болсон. Отто Хиркхаймэр үйлдвэрчний эвлэл, сүм хийдтэй харилцаа бүхий иргэний нийгэмд суурилсан бүхнийг хамруулагч намын тухай дурдсан байдаг. Гэтэл яг энэ тодорхойлолтод нийцэх нэг ч намыг өнөөдөр Европоос хайгаад олохгүй. Ингэхлээр Хиркхаймэрийн тодорхойлолт ач холбогдлоо алдсан гэсэн үг. 
ОС: Энэ чинь юу гэсэн үг вэ? Цаашид нийгмийн юм уу эсвэл социал демократ ямар нэгэн хөдөлгөөнүүд бий болохгүй гэсэн үг үү?
АК: Огтхон ч тийм биш. Нам бүхий л цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдсөн, өөрчлөгдсөөр ч байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг үр дүнтэй ашиглах, зорилго, чиглэл тодорхой намууд хүчээ авч байна. Ийм намд лидерийн асуудал туйлын чухалд тооцогддог. Намын доторх бүх асуудал түүний оролцоотойгоор биелэлээ олдог учраас тэр. Намаа дагаад улс төрийн өрсөлдөөн, орчин өөрчлөгдөж байна. Товчоор хэлэхэд, тэд шинэ нөхцөлд дасан зохицож байна. 1950-аад оны үед «олон түмний», 1970-аад оны үед «бүхнийг хамруулагч», гэтэл өнөөдөр «картел» намууд байх жишээтэй. Намууд хувьсан өөрчлөгдөж байна. 
ОС: Цаашид улс төрийн нам хөгжлийн ямар үе шатыг дамжих бол оо?
АК: Сайхан асуулт байна. Чухам энэ асуултад хариулт олохын тулд миний бие одоо нэг бүтээл дээр ажиллаж байна. Гэхдээ сүүлийн бүлэг нь хараахан дуусаагүй байгаа. Тиймээс бүрэн дүүрэн дүгнэлт хийхэд арай эртдэх болов уу.  Хуучин улс төрчид улс төрийн талбараас шахагдаж байхад шинэ, эрч хүчтэй улс төрчид тэднийг орлож байдаг. Яг тийм, ийм юм болно гэж би хэлж чадахгүй. Гэхдээ хэвлэл мэдээлэлтэй ажиллах чадвартай хүчирхэг лидер хүрээлсэн намууд өсч дэвжих нь гарцаагүй. Ийм намын нэг онцлог нь тогтворгүй байдаг тул улс төрийн тогтолцоондоо ч нөлөөлөх тал байна. Ийм дүр зураг Европт одоо ажиглагдаж байна.
Ярилцлага хийсэн Юлия Нетесова
Орчуулгын эх сурвалж: Андре Крувель. Теория “партий-картелей” неверна \\ http://www.intelros.ru/pdf/Rus_journal_10_08/11.pdf

МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)