Wednesday, January 11, 2017

ЯПОНЫ АРДЧИЛСАН НАМ

Улс төрийн хөгжлийн хувьд онцлог, зарим талаар Монгол улсад сургамжтай туршлага бүхий зүүн Азийн ардчилсан орон бол Япон билээ. Ялангуяа нам, намын тогтолцооны хувьд арвин туршлага байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Япон улсад өнөөгийн байдлаар 10 мянга орчим улс төрийн нам бүртгэлтэй байна. Эдгээрээс засаг төрийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад цөөн тооны нам нөлөөтэй байдаг. 1955-1993 он хүртэл Либерал-Ардчилсан Нам (自由民主党, Jiyū-Minshutō) хуваарьгүй ноёрхож байжээ. Хүйтэн дайны үед Либерал-Ардчилсан Намын гол сөрөг хүчнийг Японы Социалист Нам (社会民主党 Shakai Minshu-tō) хэмээн тооцож байв. Гэвч хүйтэн дайны эрин үе дуусгавар болсонтой холбоотойгоор дэлхий дахинаа олон нийтийн санаа бодолд социалист, социал-демократ, фашист, коммунист үзэл суртлын нөлөө хумигдаж, энэ мэтчилэн нэр зүүсэн намуудын байр суурь ганхаж эхэлсэн. Ийм илэрхий шалтгаанаар Японы Социалист Намын байр суурь ч ганхаж, 1996 он гэхэд бүрэн оршин тогтнохоо больжээ.
1993 онд Либерал-Адрчилсан Нам түүхэндээ анх удаа ялагдал хүлээж, есөн намын эвслийн засгийн газар байгуулагдсан ч хойтон жил нь үр дүн муутай үйл ажиллагааныхаа улмаас олны шүүмжлэлд өртөж огцорсон байна. 2009 оны сонгуулиар Ардчилсан Нам (民主党 Minshutō) Японы парламентын доод танхимд үнэмлэхүй олонх болж, үр дүнд нь, Либерал-Ардчилсан Нам эрх мэдлээ алджээ. Хэдийгээр засгийн газрыг бүрдүүлэх хангалттай суудал авсан (Төлөөлөгчдийн Танхимийн 480 суудлаас 308 суудлыг авсан) ч Социал-Демократ (社会民主党, Shakai Minshu-tō) болон Ардын Шинэ Нам (新党さきがけ Shintō Sakigake)-тай зөвшилцөж, эдгээр намын дэмжлэгтэйгээр парламентын дээд танхимийн итгэл хүлээсэн тус намын дарга Юкио Хатояма 2009 оны есдүгээр сард шинэ засгийн газрыг эмхэлэн байгуулсан түүхтэй.
Японы Ардчилсан Нам ямар шалтгаанаар ийнхүү түүхэндээ байгаагүй амжилтад хүрэв гэсэн асуултад судлаачид харилцан адилгүй хариулт өгсөн байдаг (Phillip Y. Lipscy & Ethan Scheiner, 2012; Kamikawa, 2016). Гэхдээ ихэнх судлаачид Японы ардчилсан намын амжилтад дараах зургаан хүчин зүйл нөлөөлснийг онцолсон байна.  Эдгээрт:
·         Эрх мэдлийн хүрээнд шинэтгэл хийхийг хүсч буй сонгогчдын эрмэлзлэл:
·         Орон нутаг баримтжаалсан бодлогыг нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө түлхүү тусгасан нь сонгогчдод таалагдсан:
·         Эх баригч Либерал-Ардчилсан Намын дотоод зохион байгуулалт суларч, хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд сөргөөр нөлөөлөх болсон:
·         Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн албаны бүтээмжийг сайжруулах, улс төрийн нөлөөллийг багасгах амлалт өгсөн нь сонгогчдод таалагдсан:
·         2008 оны санхүүгийн хямралтай холбоотойгоор Японы эдийн засагт хүндрэл бий болж, эрх барьж буй Либерал-Ардчилсан Намын бодлого шүүмжлэлд өртөх болсон:
·         Олон улсын харилцаанд эрх барьж буй Либерал-Ардчилсан Нам АНУ-ыг аялдан дагах бодлого барьж байсан нь Японы олон нийтийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан зэрэг болно.
Энэ бүхэн Японы Ардчилсан Намыг засгийн эрхэнд гарахад хүргэжээ. Ерөнхийд нь авч үзвэл, тус нам мөрийн хөтөлбөртөө нийгмийн хамгаалал, гааль, татвар, дэд бүтэц, гадаад харилцаа, төв болон орон нутаг дахь эрх мэдлийн хуваарилалт, төрийн алба зэргийг сайжруулахтай холбоотой олон амлалт өгсөн нь ялалтад хүргэсэн байна. Харамсалтай нь, 2009 оны арванхоёрдугаар сард ерөнхий сайд Хатояма авлигын хэрэгт холбогдож, 2010 оны зургаадугаар сард огцорчээ. Түүнийг Наота Кан орлосон юм. Ардчилсан Нам засаг барих гурван жилийн хугацаанд нийтдээ гурван засгийн газрын нүүр үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор улс төр судлаачид 2012 оны сонгуулиар Либерал-Ардчилсан Нам дахин засгийн эрх авахад Ардчилсан Намын дотоод зохион байгуулалт сул, засгийн газрын тогтворгүй байдал голлон нөлөөлсөн гэж үзжээ.
1996 онд Шинэ Сакигакэ болон Социалист Намын төвийн үзэлтэй улс төрчдийн нэгдэл хэлбэрээр байгуулагдсан Японы Ардчилсан Нам зохион байгуулалтын хувьд зүтгэлтний намын шинжтэй, үйл ажиллагааны санхүүжилтээ томоохон пүүс, компаниудын хандиваар босгох бөгөөд үзэл баримтлалын хувьд социал-либерал суртлыг хүлээн зөвшөөрдөг онцлогтой. Үүнээс гадна, нам дотроо олон фракциудад хуваагддаг болно. 1996-2012 оны хооронд эдгээр фракцийн тоо 5 (Сэйжи Маэхарагийн толгойлсон Давуулаг Хүчний Холбоо, Юки Хатоямагийн тэргүүлсэн Улс Төрийн Амлалт Хэрэгжүүлэх фракци, Тацуо Кавабата толгойлсон Ардчилсан Социалист фракци, Наото Каны Эх орон, Судалгааны Нийгэмлэг фракци, Такахиро Юкомочи тэргүүлсэн Шинэ Улс Төрийн Хүчний фракци) байсан бол 2012-2016 онуудад 14 (Хамгийн томоохон нь Кэнжи Эда, Ёрихиши Мацуногийн Токио төвт фракци, ерөнхий сайд асан Наото Каны Үндэсний бүтэцтэй Судалгааны Зөвлөл фракци, Сэйжи Маэхарагийн толгойлсон Давуулаг Хүчний Холбоо болно) болж өссөн байна. Ямар фракци намд зонхилох нөлөөтэй байгаагаас хамааран бодлого, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байдаг. 
Үүний зэрэгцээ франкциудын харилцаа намын бодлого, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх явдал ч байдаг. Хэдийгээр өнгөрсөн бүхнээсээ сургамж авч 2016 оны гуравдугаар сард шинэчлэгдэж, Ардчилсан Дэвшлийн Нам нэртэй болсон ч Японы олон нийт намын байр суурьт төдийлөн нааштай хандахгүй байна. Ардчилсан намын өнөөгийн дарга нь Рэнхо Мурата Тайвань гаралтай нэгэн бөгөөд гадаад бодлогын хувьд Япон Тайванийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үздэг. Мөн АНУ-ыг аялдан дагах бодлогыг аль болох саармагжуулах, өөрийгөө батлан хамгаалах бодлогыг хүчтэй дэмждэг болно.

Эх сурвалж

Kamikawa, R. (2016). The Failure of the Democratic Party of Japan: The Negative Effects of the Predominant Party System. Social Science Japan Journal, Vol. 19(Issue 1).

Phillip Y. Lipscy & Ethan Scheiner. (2012). Japan Under the DPJ: The Paradox of Political Change Without Policy Change. Journal of East Asian Studies, Vol.12.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР