АНГЛИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ПИТЭР МЭИРТЭЙ ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА
Питер Мэир болбоос Ирландын
улс төр судлаач, Флорэнц дахь Европын Их Сургуулийн харьцуулсан улс төр
судлалын профессор асан. 1951 онд мэндэлсэн. Ричард Кацтай хамтран картел намын
үзэл баримтлалыг хөгжүүлсэн. 2001 онд West European
Politics сэтгүүлийн шүүдэглэгч болсон. "Party System Change: Approaches
and Interpretations" (1997), "Political Parties and Electoral Change:
Party Responses to Electoral Markets" (2004) зэрэг бүтээлүүдийг
нийтлүүлсэн. 2009 онд түүний "Ruling the Void: The Hollowing of Western
Democracy" гэх шинэ зохиол олны хүртээл болсон. Ардчилал, намуудын
талаар хийсэн судалгаагаараа олонд танигдсан. 2011 онд зуурдаар ажирсан.
"Оросын
Сэтгүүл"(ОС): Ноён Мэир, та өнөөгийн намуудын
тогтолцоог хэрхэн тодорхойлох вэ?
Питер Мэир: Хэрвээ та Өрнөдийн тухай ярьж байгаа бол нөхцөл
байдал тийм ч таатай биш байна: Уламжлалт ойлголтоор авч үзвэл нам дампууралд
орж эхэлсэн. Тэд энгийн иргэдэд нөлөөлөх чадвараа нэгэнт алдсан. Намуудын төлөө
санал өгөгчдийн тоо багасч байгаа төдийгүй иргэдийн улс төрд оролцох оролцоо ч
буурсан. Гэтэл намууд өөрсдийгөө бодлого хэрэгжүүлэгч гэдгээр бус, харин эрх
мэдлийг олж авах, тогтоон барих арга хэрэгсэл төдийд үзсээр байна. Энэ бол
хоёрдмол шинжтэй үйл явц: Сонгогчид эрх ашгаа, улс төрчид эрх мэдлээ чухалчлах
болсон.
ОС: Ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэхээсээ илүүтэйгээр сонгуульд ялалт байгуулахыг чухалчилж буй учир
уналтад орж буй намуудыг бүхнийг хамруулагч (өргөн хүрээний эсвэл, бүхнийг
шүүрдэгч гэж монголчилж бас болох, орчуулагчийн тайлал) шинжтэй гэж ойлгож болох уу?
Питер Мэир: Үгүй шүү, болохгүй, бүхнийг хамруулагч нам бол
өнгөрсөн үе юм. Ийм хэлбэрийн намууд 1950-аад оны сүүл - 1960-аад оны эхээр Европ,
АНУ-д бий болж, хорин жилийн туршид улс төрийн орон зайд ноёрхсон. Бүхнийг
хамруулагч нам хүчтэй лидерийн зэрэгцээ хязгаарлагдмал нөлөөлөл бүхий гишүүдтэй
байдгаараа онцлогтой. Эрх мэдлийн хүндийн жин удирдлагын гарт төвлөрдөг.
Удирдлага нь сонгуулийн урьдчилсан кампанит ажлыг үр ашигтай, сайн зохион
байгуулах чадвар бүхий ажилтнуудын мэргэшсэн штаб хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Ийм нам эрх мэдэл олж авах, хувь хүртэхэд бүхэлдээ зориулагдсан байдаг. Гэхдээ
бүхнийг хамруулагч намууд төрийн албатай ямар нэгэн байдлаар холбогддоггүй,
төрийн санхүүжилт олж авахыг эрмэлздэггүй байсан. Төр, нийгмийн холбоос болохын
зэрэгцээ улс орноо ухаалагаар удирдаж олон түмнийг бүхэлд нь өөртөө татахыг
эрмэлздэг онцлогтой. "Бид сайн менежерүүд" гэх уриа бол – бүхнийг
хамруулагч намын үндсэн шинж юм. Ийм намын гол давуу тал нь улс орноо удирдах
чадварт оршдог.
ОС: «Бүхнийг хамруулагч» нам популист уриа лозун
дэвшүүлэх тал байх уу?
Питер Мэир: «Бүхнийг хамруулагч» нам популизмтай хамаагүй.
Нам засгийн эрх авснаар төртэй холбогдож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл
зөвхөн зорилго биш, бас оршин тогтнох арга хэрэгсэл болж хувирдаг гэсэн үг.
Намын гишүүн ердийн нэг иргэд биш, төрийн өндөр алба үүрэглэсэн нөлөө бүхий
хүмүүс буюу сайд нар болж хувирдаг. Намууд төрийн санхүүжилт хүртэх болсноор
төрийн бүтцийн зүгээс ивгээлийн бодлогод хамрагдаж эхэлнэ. Ингэснээр миний
судалгаандаа “Картел нам” гэж нэрлэсэн улс төрийн ангийн нам үүснэ. За харин
энэ төрлийн намуудын хувьд популист уриа лозунг системтэйгээр ашигладаг гэж
үзэж болох талтай.
ОС: «Бүхнийг хамруулагч» намууд
«картел» шинжтэй болсноор байр суурь нь
бэхжих үү?
Питер Мэир: Зүгээр нэг бэхжих үйл явц биш л дээ. Нам төрийн
хамгаалалтад орж эхэлнэ. Ингэснээр тухайн намууд улс төрийн үйл явцын
институционал тоглогчид болж хувирдаг. Тухайлбал, Сильвио Берлусконигийн нам
бол «картел» намын сонгодог жишээ юм.
ОС: Зохион байгуулалтын энэ хэлбэр намын тогтолцоондоо
хөнөөл учруулахгүй байх тохиолдол бий юу? Магадгүй, удирдлагынхаа арга
хэрэгслийн машин болж хувирдаг байж болно доо?
Питер Мэир: Картел намуудын хувьд хараахан тийм биш юм.Тэдний
гол онцлог нь засаглалын бүтцээс гадуур юм уу, улс орноо удирдах үйл явцад
оролцохгүйгээр оршин тогтнож чаддаггүйд байгаа юм. Картел намууд хэзээ ч
аутсайдер болж чаддаггүй. Учир нь засаг төрийн эрх мэдлээр тэжээгдэж оршин
тогтнодог.
ОС: Намуудыг нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан
ажиллуулж чадахуйц «шинэ үзэл суртлын» давалгаа бий болох боломжтой юу?
Даяаршлал, цагаачлал, хүн ам зүйн өөрчлөлт гэх мэт асуудлаар
Питер Мэир: «Бүхнийг хамруулагч» юм уу «картел» намуудад үзэл
суртлын ямар нэгэн илэрц байдаггүй. Тэдний хамгийн гол шинж нь – төрийг удирдах
явдал юм. Эдгээр намууд энгийн сонгогчидтой харилцаа алсарч, аажмаар хүлээн
зөвшөөрөгдөх чанараа алдаж эхэлдэг. Ийм нөхцөлд хамгийн популист хүчин сөрөг
намууд болж хувирдаг. Явуулж буй бодлого нь таалагдахгүйдээ юм уу, эсвэл
засаглалын бүтцийн үзэл суртал нь зохисгүй учраас улс төрийн картел харилцааг
шүүмжлээд байгаа юм биш. Засаг төрийн эрхэнд гарчихсан хэрнээ нийт олон түмний
биш, зөвхөн өөрийнхөө эрх ашгийн чухалчилдаг учраас л улс төрийн «картел»-ийг
шүүмжлээд байгаа юм. Үр дүнд нь олон түмний эрх
ашгийг популист намууд төлөөлж эхэлдэг. Өнөөдөр үүнийг Европоос бүхэлд нь,
ажиглаж болно.
Сурвалжлага хийсэн Юлия Нетесова
Орчуулгын эх
сурвалж: Мейр П. О
партиях, которые не могут быть аутсайдерами // Русский Журнал 21.11.08. URL:http://www.intelros.ru/pdf/Rus_journal_10_08/0.pdf
ТОЛМОЧЛОН
БУУЛГАСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР















